Аавдаа ойрхон очноо би

Б.Лхагвасүрэн : Үр могой (Домог дууль)

2011 оны 12-р сарын 06 Нийтэлсэн Б.Наранбат
“Устай чулуу тааралдвал үмхэж битгий тоглож байгаарай” могойны өндөг байгаа юм гэнэ лээ…

Дивангарт нэг хүнээс…..
(Эмээгийн захиас)

Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Алсын хатавчинд ургаж
Айзам шүлгэнд минь яргав....
Зохиогч
Домгийн цагаан азарга
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэж айсуй...
Дэрвэж буйн шалтаг ану
Салхи ажуу...
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхүй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу...

* * *

Овоохойн дотор орилох дуун
Овоохой тойрон орчих олон
Цаашаа наашаа холхих хөлөнд
Цас ёолно
Цалалзах жаврын үзүүрт
Хад улина
Омгийн зайран цамнан бууж
Одтой тэнгэрийг зүхэн дуудна
Олон шигшрэг шаргин дуулж
Онго шүтээнийг жиргэн даллана
Хоёр амь салж ядсан эгшинд
Хорвоогийн хормой чичирч
Билүүнд ирлэсэн хутга шиг нүд
Хоргодохын “амь” царайчилж
Бэргэсэн тэнэмэл “бурхад”
Хатавчны завсраар шагалзана
Гадаа “Цагаан ороолон” маналзаж
Гал руу нулимчин шуурга шарвалзана
Туг галын төөнө бараадан
Тулгар эх төрөх гэж
Гурван шөнийн од дамжин
Гурван өдрийн үүл дамжин
Гуниг зовлонгийн үйл дамжин
Гурван хөтлийн онь дамжин өвдөв.
Төрдөггүй үр заяасанд
Төрлийн сэтгэл үймж
Ась үлдэх эсэхийн
Азын төлөг төөрөв
Хөдлөх тоолонд нь
Хөх толбо гардаг байсийм...
Хөөрхий минь...гэсэн
Хөгшдийн уулга гал тойрно
Хөх нь уурагласан ч
Хэвлий нь тэлээгүй дээ
Хачин юм... гэсэн
Хүмүүсийн гайхах оромж тойрно

* * *

Омгийн зайран цамнан бууж
Оочин хадыг үйртэл бөөлж
Тэнгэрийн заадсыг мурийтал дуудаж
Тэнхлээ баран муужран унав.
Зэгэл үдэш шөнөтэй залгах
Зөнөсөн нохой хий боргох
Зэвүүн совин дээстэй ороолдох цагаар
Зээрийн хонгор арьсан дээр эх төрөв.
Амсхийсэн сэтгэлийн амьсгаа
Айдсын сүүдэрт хахаж
Хүссэн баярын тайлал
Хүрэн эрээнээр эргэв
Хүлээсэн бүхний нүд
Духан дээрээ үсрэн гарч
Хөөрхий зовсон эх
Дөнгөж төрөөд ухаан алдав.
Халуун хэвлээс нь тасарч унасан
Хар эрээн могой арьсан дээр цагираглаж
Сул асгарах халуун цусны тунараанд
Сүвэгч нь сохор тэвнэ шиг толгойгоо дүрнэ
Сүү нэхэх шиг хэлээ гозолзуулан
Сүүтийсэн болгоныг бараалан мурилзана.
Үзээгүй ёрын сүрд дарагдсан
Үр минь ирнэ гэж хүлээж ядсан эцэг ину:
- Тэнгэр үр хайрлана гэсэн чину
Лус надад могой хайрлалаа...
Идэр янгир уулнаас нь хагацаан намнаж
Илчийг нь бодож зэхсэн өлгийгөө яанам...
Эр хүн төрнө гэж битүүхэн дотроо бэлэгшээж
Илд давтаж гурван голын усанд хатааснаа яанам?
Амь зуулгын “улаан” хүнсээ татрааж
Амьд амьтан руу нум эвшээлгэлгүй хүлээснээ яанам
Хүйтэн чулуу дэрлэн биеэ орхихын цагт
Хүү минь тонгойж үлдэнэ гэж итгэсэн минь яахав? Гэж
Ховор гардаг эр нулимсаа
Энгэрээ хөлдтөл урсгаж
Хорвоогийн цаашаа харсан өсгийд
Эвхрэн эвхрэн сөгдөв....
Хорвоод мэндэлсэн “эрээн үрийнхээ”
Хортой хоргүйг мэдэхгүй...
Холдуулж тууя гэхнээнэ
Хоргодоод хөдөлж өгөхгүй...
Эх нь нэгэнтээ ухаан орохдоо
Энэ л миний лай даа... хэмээн
Төрөхдөө эгшсэн сүүмэн биенээсээ
Төгрөг төгрөг нулимс нэрж
Цээж дарах хөхөө хөнгөлж
Цэгээн сүүг нь амсуулъя даа
Ирвэгнэн ирвэгнэн
Хэвлийд хөдлөхөд мину
Чимчигнэн чимчигнэн
Чинэсэн лээ...
Үр мину, үр мину гэж
Дотогшоо амьсгалан
Өдий болтол нь
Тээсэн лээ...
Цогтой галын
Илч бараадаж
Цоройн цаанаасаа
Унагасан лээ... гэж
Тохмон дээр саасан гал уураг
Толгойнх нь тушаа ойртуулбал
Цэв хүйтэн үр нь хэдэнтээ сорж
Зөв мэт толгойгоо өргөн цогнолзов
Омгийн зайран цамнан бууж
Ойртсон бузрыг түлхэн бөөлж
Отгийн булингарыг тунгаан дуудаж
Онго сүлдээ тамлан даллав
Гай дайрав
Лай дөтлөв
Эхийн тунамалд бөрт унаж
Элэнц хуланцын сүнс хилэгнэв
Үйлтэй хоёрыг эргэж ч харалгүй
Үнсэн дээр нь торойтол хаяж
Гарзны амыг лайтнаар таглаж
Галын тэнгэрийг авран тасдаж
Нар бүлэгнэн мандахаас өмнө
Гал дүлэгнэн асахаас урьд
Хүнд нойрын манан дундуур
Хөдөлтүгэй .... хэмээн айлдав...
Айлдлын утгыг анзаарав гэлтэй
Алаг эрээн үр нь эхийнхээ хөлийг орооно
Чимээ шуугиан гарах тоолон
Чивчирч улам чангарна
өрөвдөхийн сэтгэлээ давхар ачаалж
Заншлын дээсээр чивчиртэл татаж
Өвөр хуваасан хань нь хүртэл дүлийрч
Зайранг даган орхиж одов
Зүүдэнд ч багтахгүй хагацлын илд
Зүрхэн дээр мэслэн бууж
Зүхлийн урсгал шиг
Зүг тахьсан мөрөө чирч
Уур савссан
Буудал ханхайлж
Уулсын хөтлөөр
Нүүдэл давав
Утаа уугисан
Ганц оромж
Уулын суганд
Өнчин торойв
Эргэж нэг харах
Энэрэл хургасан нулимстай нүдгүй
Их нүүдэл “гайнаас”
Исгэрэх сум шиг дайжиж
Малын жимээс бусад нь
Дүн цагаан цас
Малгайлан орох дуртай гэдэг нь
Өдөр болгон бургаа
Амьдрал хэмээх “алаг нүдний”
Хөмсөгний гадаа хаягдсан
Амьд явах насны
Хөсөгний сүүлд гээгдсэн тэднийг
Харанхуй тойрно.
Хараал тойрно
Газардахын аранга тойрно
Ганцаардлын айдас тойрно
Унтаа араатан шиг нам гүм
Архирах цагтаа
Залгих юм шиг занал...
Уулсын дундах ажин түжин
Айдсын хорлол
Халиах юм шиг түгшүүр
Нар сар хөөцөлдөж
Гэрэл харанхуй химлэлцэнэ
Үр - могой
Хоногийн хэцийг
Гулгаж, цагираглаж давна
Эх – хүн
Хоногийн хэцүүг
Иөлхөж босож давна
Төө илүүхэн үр гаргасан ч
Төрсөн л болохоор эхийн бие нялх
Өлгий, бүүвэй хоёр хэрэгггүй
Өлзий бус “үр” нь танхи
Цагираглаж хэвтээ “үр” могойгоо эх харж
-Цоройн цаанаас унасан
Цоохор эрээн үр минь
Цогонд орчих вий гэж эмээнэ
Унтаж байгаа юм шиг
Удаан гэгч нь цагираглахад нь
Амандаа бүүвэй гиншиж
Айдсыг нь үргээн ганхана
Ангир уургаа сааж
Аман тушаа ойртуулна
Үйлийн үрийн харанхуй зайд
Үгсэж бас үзнэ.
Үр могой нь харин
Үсчиж хэнэггүй шавхчина
Хаа нэгэнтээ сураг алдрахад нь
Хань бодсон сэтгэл нь эзгүйрч
Ар өврөө самнан үгүйлж
Адсага хөмөө сөхчин эрнэ
Хоног тоолон могой томорч
“Хорхой” тойлон эх доройтов
Эрүү толгой хоёр шиг
Газар тэнгэрийн дунд
Эх үр хэмээгдэх
Хоёр “хэцүү” амьтныг
Хоолойг нь давах “хоол” мартжээ
Холдон холдсон “нүүдэл” мартжээ
Холбинзон асах “гал” мартжээ
Хомроглон эргэх чоно хүртэл мартжээ.
Ээлгүй тавилангийн хатууд
Эх улам туйлдаж
Хүйтний алга дэрлэн
Хэвтэрт орон атирчээ
Хөхний сүү нь ширгэж
Хөлөөсөө эхлэн хөрчээ.
Түлэх модондоо хөл хүрэхгүйд
“Галын бурхан” туйлдана
Балгах усандаа гар хүрэхгүйд
“Насны бурхан” харангадна
Бурхан цөөрсөн газар
Чөтгөр бүжиглэг гэж
Буйлсан цасан шуурга
Чих залхтал хөгжимдөнө
Амьдын сэжүүрээс зүүгдсэн
Ганц хар цэг
Алдууран алдан дэрвэж
Мөхлийн инээд хүргэнэ
- Биеэ барагдтал
Би энийг тэжээлээ...
Харь үр гэлгүй
Халуун сүүгээ цутгалаа
Өглөө... өглөө... гэхэд
Өнгөн нь цагаан болсонгүй...
Амьдрал чиний дунд
Ийм цөл байдаг аа...
Азгүй азгүй гэхэд
Ийм заяа байдаг аа...
Нуугаад уйлахад барагддаггүй
Нулимс байдагсан... алга...
Нутаг нутагтаа багтдаггүй
Хүмүүс байдагсан... алга гэж
Гавлаа цууртал эх гаславч
Ганцын заяа үржсэнгүй
Ижилтэй байхын тэнгэр хаяж
Ижий байхын “заяа” гээжээ.
Алаг эрээн үр нь
Амьсгал хөлдөс хүйтнээс дайжиж
Аманд нь шургаж бүлээцэх гэнэ
Аваад хаячихад хилэгнэнэ
Ширгэсэн хөхөө дэмий тэмтрэхэд
Ширүүн занд нь урь бууна
- Гарсан юм даа надаас гэж
Харсаар байж тураалтай биш гэж
Гараа эсгэж цусаа өглөө...
Сүнсийг нь хүртэл үргээсэн үр нь
Сүү цус хоёрыг ялгахгүй сорно
Өлсөх тусмаа нүд нь хурцдаж
Өөдөөс нь цоргитол ширтэнэ
Хөдлөх тоолонг нь хариулан дагаад
Хөвчөө тийрэх сум шиг гөвөлзөнө
- Миний зовлонг мэдмүү энэ гэлтэй
Мэндийн зөрөө шиг бодол цахилж эх баярлалаа.

* * *

Нар мандаж нялуурсан
Насны совин алдуурсан өглөө
Үлгэр домгийн өлсгөлөн могой
Үмх ч хоолгүй өлсгөлөн могой
Эрлэгийн элчтэй дэр хувааж хоносон
Эхийнхээ хөлд нойрссон “үр”
Эвхсэн биеэ хилэнтэй задалж
Унтаад сэрсэн нойрмог орчлонг бэргэтэл
Улайссан зэс шиг нүдээр сүлбэж
Эцсийн хоолондоо ам хүрч
Эхийгээ хөлөөс нь залгиж эхлэв
Хальж байгаа амь эргэх шиг
Халуу дүүгэн эхийн хөл бүлээцэв
Бүрэг барагхан ухаан орсон эх
- Би үртэй хүн юм аа гэж бодов
Биеэ эвхрээн улангасан залгих могой
Бэлхүүсийг нь хүртэл эхийгээ залгив
Хэсэгхэн эгшин харвасан хойно
Хэвлий нь бүлээн оргиход
- Өсгөөд өгчихсөн байхад
Өтлөхөд хөл хучдаг нь үнэн юм аа
Хувь тавилан хэрчиж заяасан
Хар эрээн үр минь гэж амандаа шившихэд нь
Өөрт нь хоргодсон эцсийн шүүс
Өрөөсөн хөхнөөс нь цийлэн сүү
Төмөр мэт толгой дээр нь дуссанаа
Төдхөнөө тэгээд ээдэв
Төгсөхийн их амирлан залгав
Халуун залуу насны нь дурсгал
Харын хар гэзэг, могойн завжнаас унжиж байв

* * *

Домгийн цагаан азрага
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэн айсуй...
Дэрвэж байгаа шалтаг ану
Салхи ажуу...
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхуй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу...

17-р жарны шарагчин могой жилийн өвлийн тэргүүн сарын хорин, цагаагчин могой өдөр дуусгавай....

Б.Лхагвасүрэн "Цэцгэн эрхи "

2011 оны 12-р сарын 06 Нийтэлсэн Б.Наранбат
Ээжээ
Ээжээ таны цаст цагаан
Гантиг өлмийд тань Цэцгэн эрх өргөе гэж
Цэцэг түүлээ
Таны Сайхан сэтгэлээ олдог байсан Номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцдэг
Үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай Цэнхэр горхины хөвөөнөөс
Цэцэг түүлээ
Цэцэг түүхдээ би Уйлж түүлээ
Унасан харууслын нулимс
Оньсон цэцэг бүрийг олж түүлээ
Тандаа Цэцгэн эрх өргөе гэхэд
Нэгэн зуны байтугай
Нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруу бий
Эх минь Орчлонгийн өнө мөнхийн шүүдэр дор
Одлоо гэж зүүдэллээ
Одод хийссэн үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа
Ээжээ би таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингээж
Мандах нарны зүг урганаа гэж уужирлаа
Ирэх шаргал үрээ
Эртэшгүй цагаан цолмон болж
Эхлэл бүхний манлайд
Гялалзана гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуун нараар царцсан сүү
Ээжээ Би таны үргэлжлэл.

Б.Лхагвасүрэн: Баярлах зовох хоёртоо л ноён нуруугаа алдахгүй явбал хорвоод хүн болсны чинь утга учир шүү дээ

Аравдугаар ангид байхдаа “Уянгын тойрог” номыг уншчихаад хүнээс ямар уянгагарч болдгийг гайхан биширч билээ. Урьд нь ном уншдаг байсан ч тэр жижигхэн яруу найргийн түүвэр намайг жинхэнэ “Номын цагаан солиотон” болгосон юмдаг. Манай гэр Баянхошуунд байлаа. Автобусаар таван буудал явж сургуульдаа хүрдэг байв. Автобусанд ороод гайгүй шиг завсар зай олдвол өнөөх л “Уянгын тойрог”-оо харж явдаг байсансан.
Номонд, үгийн шидэнд тийм их хүч чадал байдгийг мэдрүүлж өгсөн ачтан минь өдгөөгийн Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн гуай юм. Буурал гэзгээ илбэсэн энэ цагийн суутан тантай амар мэндийн хадаг барин учралдан хөөрөлдсөн нь ийм бөлгөө.

Хаврын улирал шувтарч зуны эхэн cap айлчлан ирлээ. Яг энэ цаг үед танд юу бодогддог вэ?
Хаврын улирал надад аз жаргал мэдрүүлдэггүй юм. Хамгийн уймраа улирал. Сайхан зун болох нь мэдэгдэхгүй, хэзээ түрүүчийн ногоо цухуйхыг мэдэхгүй хамгийн ааштай улирал. Сэтгэл хамгийн их урагддаг улирал шүү дээ.Намар бол сэтгэл налайдаг улирал. Өнөөдөр хариад зурагт үзэхээр булхайтай хэдэн гишүүн харагдана, суваг солихоор талбай дээрх жагсаал харагдана. Эднийг харж байснаас түрүүчийн цэцэг дэлбээлэхийг харсан нь жаргал. Маргааш яах бол гэсэн л улирал байдаг юм даа.

Намар цаг аргагүй л дурсамж хөврүүлдэг. Таны хувьд өнгөрсөн намар ямар дурсамж үлдээсэн бол?
Ноднин намар би их зав муутай байсан. Хоёр жүжиг бичлээ. Тэгээд үлдсэн цагт нь үр хүүхдүүдтэйгээ налайгаад л өнгөрөөлөө дөө. Бас бие жаахан чилээрхээд гэрээрээ голдуухан байлаа. Харин хэдэн сайхан хүүхэд өсгөж тэд минь хүний дайтай л амьдарч явааг мэдэрлээ дээ, ах нь. Өвдөж ядрахын цагт хүн улам ихийг боддог юм байна. Хэдийгээр би өвдөж зовсон ч намрын улирал гэдэг цаагуураа дэвсгэр нь зөөлөн юм даа.
Хотын хүн буцаж яваа шувуудыг харах биш дээ. Дурсамж, дурдатгал л их бодогдох юм. Өчигдөр инээгээд уулзаж байсан сайхан нөхөр минь өнөөдөр байхгүй болсон гашуун мэдээг сонсч л суулаа. Малгай хийсээд ойчих салхигүй тэр цагаар байж байгаад байхгүй болсон хүмүүсээ л их бодох юм. Монгол Улс орондоо гэхээсээ илүү үр хүүхэд, ач зээ нартаа үгүйлэгдэх орон зайг нь боддог доо, би. Аливаа юм үнэтэй газраа л үнэтэй байдаг.
Үр хүүхдүүдийн минь сэтгэлд орших миний орон зайг юугаар ч хэмжишгүй. Би эх орондоо үгүйлэгдэж явах юмсан гэж зүтгэсээр ирлээ. Хэзээ нэгэн цагт өртөнцийн хуулийг дагана. Тэр цагт Бавуугийн хүү байсан юм гэдгийг шүлэг зохиол минь л харуулах байх. Эх орон гэдэг “Үгүйлэхийн, эс үгүйлэгдэхийн” хуультай байдаг. Эх орон гэдэг агуу том юм. Миний тухай сайнаар ч, муугаар ч дурсах эрх нь ард түмэнд минь бий. Олон жил жаахан дарга хийлээ.
Гэхдээ энэ бол ард түмний минь буян юм. Газрын татах хүч намайг чангааж л байх шиг байна, хүн улам л жаахан болж байж дэлхийдээ уусдаг юм шиг байна. Гэхдээ ах нь өдөр болгон амьд байх юмсан гэж, өглөө болгоны алтан нарыг харахсан гэж зүтгэж явна. Амьдралд хоргодож л явна. Харин яг цаг нь ирвэл амьдрал гэдэг тийм ч хорогдоод байх зүйл биш. Үхлийг хамгийн амар амгалан тосох ёстой гэж боддог.

Яг одоо сурагч, оюутнуудын төгсөлт болж байгаа. Ууж иддэг цаг нь л даа?
Сургууль төгссөн, амьдралын зах зухаас шүүрсэн гэсэн баяр баясгалан юм даа. Яах аргагүй дотроос нь огшоож өгдөг том баяр. Баяраа яаж эдлэх вэ гэдэг нь насанд хүрсэн хувь хүний асуудал юм. Бид залуу байж үзсэн. Уусан, идсэн. Одоо харж байхад харамсах нь бага юм. Гэхдээ Монголын залуу насыг ямар нэгэн баяр тэмдэглээд ”элийрч, балайрч” явахаа болиосой гэж боддог. Хайран сайхан үр хүүхэд минь.
Баярлах зовох хоёртоо л ноён нуруугаа алдахгүй явбал хорвоод хүн болсны чинь утга учир шүү дээ. Хүн гэдэг амьтан нэг нь баярлахад дагаад баясч байдаг. Хашгирахад уул талын цуурай шиг адилхан л цуурайтаж байдаг. Бие биеэ дагаад дарвиж, хөөрцөглөж байна гэдэг хувь хүн өөрийгөө олоогүй байна л гэсэн үг. Өөрийгөө олно гэдэг энэ ертөнцөд хамгийн хэцүү. Зөв л баярла. Инээд баяр бахдалдаа хахаж цадсан өдрүүд урд минь байгаасай л гэж боддог юм даа.

Урсаад өнгөрсөн он жилүүдийн өндөрлөгөөс эргээд дурсахад алдсан өдрүүд нь олон байж уу, оносон нь их үү?
Алдаагүй хүн гэж байхгүй. Би ч алдаж л явсан. Цаг хугацааг бол харамсмаар их алдсан. Харин амьдралаа бол алдаагүй. Би 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлсэн хүн. Тэр үед гайхмаар авьяастай хүүхэд гарч ирлээ гээд шуугиж л байсан юм. Түүнээс хойш 20 жил номоо гаргаж чадаагүй. Үзэл суртлын хувьд болохгүй л гэдэг байсан. Аргаа бараад “Наран тэнгэр Ленин” гэдэг ном бичиж байлаа. Хуурч Жанцанчой гуай хуурдаж тэр шүлэг минь тэргүүн байранд орж байлаа.
Би тэр үед хэнээс ч айж хулчийж явсангүй. Найз нөхдөө худалдаж идсэнгүй. Гэхдээ тэр цаг үеэ би “алдас” гэж боддог юм. Хайран сайхан цаг үе минь байсан юм аа. Тэнэг залуу насандаа бичсэн шүлгүүд минь их бадрангуй, гэгээн гэрэлтэй байж. Одоо гэхдээ муу юм хийгээд байгаа юм алга. Харин “Амьддаа үхэх шиг муухай юм алга” гэж боддог. Амьд ахуйдаа муу уран бүтээл хийгээд эхэлбэл тэр хүн зуурдаар өнгөрчээ л гэсэн үг.
Тэнэгхэн, иртэй цагтаа бичсэн шүлгүүд минь одоо үзэхэд сайхан байдаг юм. Тэр л үедээ ахиухан шүлэг бичихгүй яав даа гэж одоо боддог л юм.

”Уянгын тойрог” гээд таны номыг булаацалдан уншдаг байлаа. Яагаад тэгтлээ их сэтгэлд хүрсэн юм бол?
Миний ухаарсан, хатуужсан сэтгэл хамт бичилцсэн юм аа. Тэр үед миний бичсэн болгоныг хэвлүүлдэггүй, хянаж цагддаг байлаа шүү дээ. “Уянгын тойрог” бол жинхэнэ миний халуун цус булгилж байхад бичсэн шүлгүүд. Тэр үед хавчигдаж, гадуурхагдаж явсан юм бол бий. 20 жил номоо хэвлүүлж чадахгүй явж байлаа. Эхнэр минь миний төлөө найдвартай зогсч байсан тулдаа л энэ бүхнийг давсан юм. Би хүнд хэрэгтэй ганц үг хэлж чадахгүй болтлоо бичнэ.
Энэ миний үүрэг. Өнөөдөр надад өгсөн алдар гавьяа гэдэг миний насан туршдаа “ичиж явах хүндэтгэл” юм даа. Чадаж байгаа цагт нь урам юм. Шагналдаа тэнцэхгүй амьдарвал уйтгар юм.

”Бодол үсэндээ дарагдсан найрагч” гээд Болор цом дээр уншигдаж байсан даа?
Би хэзээнээсээ л үсээ ургуулсан хүн. Энэ чинь миний эрх чөлөө юм. Монголчуудын “Тархиан ширгэтэл үс ургаж, чөмгөөн ширгэтэл хумс ургана” гэж үг бий. Бурхан болооч болсон хүнийх ургадаг л юм байна билээ. Тэгэхээр энэ бол миний эрх чөлөө юм. Үсээ бол чамайг төрөөгүй байхаас эхэлж ургуулсан. Тэр социализмын хатуу бэрх цагт би үр хүүхэд хань ижлээ өлсгөж зовоогоогүй, өөрөө ч бас өлөн гундуу явж үзсэнгүй.
Унших номтой, дандаа дээд зэргийн үзэг барьсаар өнөөдрийг хүрлээ шүү. Харин надтай хамт нэг цаг дор явсан зарим хүнийг одоо би өрөвддөг юм. Ерөөсөө аль нэг тал руу туйлширдаг хүмүүс гэдэг эмгэнэлтэй, бас хортой байдаг. Эргэцүүлэн бодохгүйгээр хүн дагаж дарвих шиг ёс бус, гажиг юм гэж байхгүй.

Та их бууралтжээ. Хүүхдүүд тань хаана юу хийцгээж байна вэ?
Би найман хүүхэдтэй. Бүгдээрээ л уран бүтээл хийгээд явж байгаа даа. Хүнээс яаж байгаад ахиухан юм авчих вэ гэсэн, хэдэн төгрөгийн наад цаадахыг харсан хүн надаас гараагүй юм байна. Их муугаар яривал жаахан арчаа муутай, гэгээн сайхан сэтгэлтэй хүмүүс юм даа, миний хүүхдүүд. Манайхаар орж гарч байсан хүмүүс тийм л болохоор “За өнөөдөр болж л байвал болоо доо” гэсэн хүмүүс байх юм байна шүү.
Би өнөөдөр хүүхдүүд минь хоол авч ирж өгөөд жаргаж байна гэж хэлэхгүй. Би өөрийнхөө залуу насыг уучилж байгаа шиг хүүхдүүдээ уучилдаг. Эрүүл байцгаах юм даа миний хүүхдүүд. Бас хэл ам тарьж хэрүүл шуугиан тарьж байгаагүй юм. Ач гуч минь арван хэд боллоо.Тэд минь миний нүдэнд алаглаад харагдаж байх шиг жаргал өнөөдөр хаана байна вэ.

Баасан эгч та хоёр өнөөдөр жаргаж байна уу?
Бурхан үзэг. Арван хэдэн ач, зээ нараа тойруулаад жаргаж суунаа ах, эгч хоёр нь. Улам л урт амьдармаар санагдах юм даа.

Таныг тамхиа татаад, бодлогоширч суугаа төрхөөр тань л төсөөлөх юм. Таны хувьд тамхи чухам юу вэ?
Тамхи юм бодоход их нэмэртэй юм. Сэтгэлийн завсарлага юм даа. Ганц янжуур асаагаад, бодоод суухад хүний нэг насны амьдрал багтдаг юм шүү дээ. Хүний амьдрал богинохон юм. Тамхи бол миний хувьд их ойрын хэрэглээ. Архи, тамхины эсрэг нийтээрээ тэмцэж байгаа энэ үед миний үг болохгүй, муу үг байх л даа. Гэхдээ би тамхинаасаа гарч чадахгүй байх. Миний өвөг эцэг “Эр хүн хэрэглэж байгаа юм аа хэрэглэж байгаад л дуусдаг юм” гэж хэлж байсан юм. Би тамхинаасаа урвахгүй. Гэхдээ энэ минь “Хүүхдүүд минь та нар над шиг тамхи татаад бай” гэсэн үг биш.

П.Бадарч гуай нэгэнтээ “Манай Лхагвасүрэн хамгийн үнэтэй тамхи татдаг” гэсэн байсан. Танд тамхийг үнэлэх өөрийн  үнэлэмж байдаг уу?
Байна. Хямдхан тамхи ядаж л өмхий байдаг. Гэр орон, хувцсанд хүртэл шингэчихсэн байдаг. Би хар залуугаасаа тамхи татсан. Харин хэзээ ч хямдхан, муу тамхи татаж байгаагүй. Би ямар архи уух биш. Гоёж гоодоод гүйх биш. Гэр амьтай хүн. Айлд очоод, наргиж цэнгээд явж ерөөсөө сураагүй хүн. Хамгийн эхлээд “Луна” гэдэг Болгарын тамхи татсан. Тэгээд “ВТ” татсаар байгаад сүүлдээ “Marlboro” татсан. Өнөөдөр энэ “Кеmel”-тай зууралдаж сууна. Нэг насны минь дагуул болж дээ энэ тамхи.

Таныхаар шагнал гэдэг юу вэ?
Чадаж байгаа үед минь урам юм, нөгөө талаар”айдас ичвэр” юм даа.

”Миний муусайн найз нар” гэдэг нэвтрүүлэг байдаг. Танд тэр нэвтрүүлэгт орох таалагддаг уу, гэртээ үзээд сууж байх сайхан уу?
За даа, гэртээ үзэхийг нь сонгоно доо. Тэр нэвтрүүлэгт орсон хүмүүсийг гэв гэнэтхэн аваачдаг юм билээ. Тэнд жинхэнэ хар багын миний найз орхигдоно шүү дээ. Би нэг удаа тэр нэвтрүүлэгт орсон. Харин хар нялхын ганц хоёр найз минь гомдсон байна билээ

Та ер нь хэзээ нэгэн цагт найз нөхдийнхөе өмнө гэм, зэмтэй явж байв уу. Найз нөхөд гэдэг таны хувьд юу вэ?
Би нөхдийнхөө өмнө хэзээ ч буруутай явж үзээгүй. Найз нөхдийнхөө өмне хэзээ ч нүүр бардам байж чадна. Цөөхөн ч гэсэн чансаатай найзтай хүн. Хар багын хэдхэн найз бий дээ. Би өөрөө их сонин хүн. Зожиг, нэг их нийтэч биш. Өглөө юм иддэггүй, өдөр бас сүйдтэй юм идэхгүй. Орой хариад л муу хөгшнийхөө гарын хоолыг иддэг хүн. Хүний ганц хүү болоод нэг жаахан зожиг өсчээ.

Хүнд хайрлуулах, хүнийг хайрлах гэдэг таныхаар ямар ойлголт вэ?
Би худлаа маяг сураагүй хүн. Хэзээ ч илүү хайрлуулах гэж гоё ганган явж үзсэнгүй. Хар аяндаа байгаагаар минь намайг ойлгож, хүлээж авбал тэр жинхэнэ сэтгэл. Намайг ил далд хаана ч ярилаа гэсэн адилхан байвал тэр хамгийн чухал ойлголт. Хэн хаана ч байсан баггүй л байх хэрэгтэй. Тэгвэл та хүн. Хэн хүнд тоогдохын тулд биш, байгаагаар минь хүлээж аваасай гэж явбал буян тэр. Яг уран бүтээл хийж суухдаа өөрөөсөө бусдыг тоож үзээгүй. Би үнэхээр том юм аа гэж л бодож бичдэг.

А.Пушкин “Хүний гараар бүтээшгүй хөшөө дурсгалаа босголоо би” гэж амьд сэрүүндээ бичсэн байдаг. Та тэгж хэлэх үү?
Үгүй. Би болоогүй байгаа. Хөшөөг үлдсэн хүмүүс нь босгодог л доо. Тэр бол сайхан омог бардам шүлэг. Яруу найрагч хүн омог бардам хэлэх ёстой юм. Гэхдээ уруул давахгүй үг, хэлж болохгүй цаг гэж байна.

Сэтгэлийн амар амгалан гэж юу вэ?
Би өөртэй чинь яриад сууж байгаа минь л амар амгалан юм. Ойрдоо ингэж сайхан яриа өрнүүлж сууснаа санахгүй юм. Чиний ах миний шавь “Паанан” Энхболдыг бодохоор миний залуу нас санагддаг юм. Омголон, хамгийн гол нь хэтийдсэн авьяастай. Одоо Аюурзана, Галсансүх, Мягмаржав энэ хэд л байна даа. Хайрламаар авьяастай хүмүүс. Ах чинь чамайг дагуулаад Цагаан сараар манайд ирж золгож байлаа. Чи хариугүй жаахан юм байсан. Өнөөдөр би ахыг чинь үгүйлж л суудаг. Тэр Америкаасаа нэг л өдөр ирэх байлгүй.
Би залуу зохиолчдын ном болгоныг заавал уншдаг. Огт танихгүй хүнтэй бол хэзээ ч ингэж ярьдаггүй. Өнөөдөр өөртэй чинь ярихад сэтгэл их амар байнаа. Лхагвасүрэн гэдэг хүн чинь ийм л хүн. Би өнөөдөр өндөр их мэдлэгтэйдээ дарга хийгээд яваа юм биш. Хүн шиг хүн тулдаа л улсын ажлыг авч яваад хийгээд байгаа юм.

Б. Лхагвасүрэн Боржгоны бор тал

2011 оны 12-р сарын 06 Нийтэлсэн Б.Наранбат
Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүрийг нь залгихад агь хоолойд аргасан боржгоны бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр эцээж чулуу ханарааж төрөх тал минь чи торго шиг зөөлөн байсан.
Жаргал зовлон хоёрыг амсаж эдлэж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимсаа унагахад
Эр хүн шин нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөгөлсөн өд нь чам дээрээ л эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгилж зовлонг нь хугасалж , чинэсэн хөхийг нь амирлуулсан.
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирийг ч
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний л шарх зүрхний минь шархнаас хождож анидаг юмаа тал минь.
Тугалын бэлчээрээс эхлэн тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг хэлж зүрхлээгүйдээн чи намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь хад цоолсон дошгин цамнаа намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь ирт улаан дөл намайг бадрангуй болгосон
Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээн зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон
Байдуу мянганы уулсаа дуурайж толгойд минь буурал сууж
Багадаа хөхсөн эхийн минь сүү гадагшлахын цагт
Шүлгээн би чам дээрээ хүн чулуу шиг орхиод

Сүүдрээн дарж унахдаа элгийг чинь сүмлэн шингэнээ

Боржгоны бор тал минь

Ижийтэйгээ байхад би баян байсан

2011 оны 12-р сарын 06 Нийтэлсэн Б.Наранбат
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэлье!
Амьсгалаа зангидаж хэлье!
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг байсан...
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурхны өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Уул уулын орой уулздаггvй шиг
Үнэнээ хэлье!
Үсээ шатааж хэлье!
Урсгал усан эргэж урсдаггvй шиг
Үнэнээ хэлье!
Цусаа буцалгаж хэлье!
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос үхлээс бусдыг тоож гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...

Б.Лхагвасүрэн ″Би аавдаа ойрхон очно″

2011 оны 12-р сарын 06 Нийтэлсэн Б.Наранбат

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй

Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй

Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол

"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ.


Нулимстай дурсамж

Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ. .

Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх.

Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ. Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа.

Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа. Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан.

Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог. Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү.

Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын минь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог.

Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж

“Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.

Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм.

Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж. Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай байх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна. 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ.

Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно.

Аавдаа ойрхон очно